Алтны салбарынхны он дамнасан хүлээлт
2013 оны 12 сарын 24

Улс орнуудын валютын нөөцөө бүрдүүлэх нэг гол арга зам нь алтны олборлолт, худалдаагаа эрчимжүүлэх юм. Тэгвэл дэлхийн зах зээл дэх алтны үнэ ойрын ирээдүйд өөдрөгөөр төсөөлөгдөж байгаа бөгөөд Монголын хувьд энэ жил алтны олборлолт, худалдааг эргүүлэн дээш нь татах зоригтой алхам хийхэд дөхөн ирсэн. Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг Уул уурхайн сайд Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг санаачлан Их хурлын даргад өргөн барьсан ч хуулийн төслийг ахин нягтлах хэрэгтэй гэдгээр хэлэлцэхээр хойшлуулсан. Ийнхүү алтныхан хүлээсээр л.


Цагийн сайханд алтны салбарт 110 компани ажиллаж, 2004, 2005 оны үед Монголбанкинд 24 тонн алт тушаадаг байжээ. Гэтэл энэ жил зургаан тонн, өнгөрсөн жил гурван тонныг тушаасан байх жишээний. Асуудлын гол нь алтны нөөц хангалттай ч хайгуул, олборлолтын ажиллагаанд хөрөнгө их шаарддаг байна. Тиймээс компаниуд энэ салбарт зориглож орж чаддагүй тухай хэлдэг. Мөн байгаа хэдэн компаниуд олборлосон алтаа хууль ёсоор тушаах биш, хилийн чанадад дамлан худалдсаар Төв банкинд төвлөрүүлэх алтны хэмжээ жилээс жилд багасахад хүрчээ. Тиймээс энэ хуулиар Төв банкинд алтаа тушаасан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр доод хэмжээ буюу рояалтийн хувь хэмжээг 2.5 хувь болгож бууруулах гол үзэл баримтлалыг тусгасан. Хуулийн төсөл буцаагдсан ч энэ үзэл баримтлал өөрчлөгдөхгүй гэж салбарынхан хэлж байгаа. Сүүлийн үед эдийн засгийг улс төртэй хольж хутгах хийрхэлд энэ хууль ч өртөх мэт болж, 2.5 хувийн хөнгөлөлтийг шийдэж өгсөнөөр Оюутолгой төсөлд л найр тавьсан хэрэг болно гэдгээр шүүмжилсэн. Гэтэл Оюутолгойгоос гаргаж буй баяжмалд зэс, мөнгө, алтны агууламж байх ч алтыг ялган авч, банкинд тушаахгүй байгаа. Ингэсэн цагт л Оюутолгойд хамааралтай гэж ярих нь. Угаас хууль ёсоор Төв банкинд алтаа тушаасан бол ийм хөнгөлөлтийг олгох хууль батлагдахгүй болвол алтны далд наймаа цаашид үргэлжлэн цэцэглэсээр байх юм гэдгийг шударгаар хэлэх хүн олон. Ийнхүү алтны салбарынхан, эдийн засагчдын найдварыг тээсэн Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хууль батлагдах гэсээр он дамжлаа.

 

Тэгвэл энэ салбарынхан нэгдэн нийлсэн Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо байгуулагдаад нэг жил болсон бөгөөд өчигдөр тайлангийн хурлаа хийсэн байна. Холбоог анх энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг 11 компани санаачлан байгуулж байсан бол өдгөө 50 гаруй компани нэгджээ. Алтны худалдааг ил тод болгох шинэ хуулийн төслийг боловсруулж эхлэх үеэс ч өмнө алтны компаниуд дуу хоолойгоо нэгтгэж байсан бөгөөд салбарын ашиг орлого, бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд хамтын хүчээр зүтгэж энэ хүрсэнийг албаныхан онцолдог. Тайлант хурлаар ямар асуудлыг онцолсон талаар Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Х.Наранзаяагаас товч  тодруулсан юм. 


“Хурлаар төрийн болон алт үйлдвэрлэгч компаниудын нийт 100 орчим төлөөлөгч цуглан нэг жилийн хугацаанд хийсэн ажил, алдаа оноо, амжилт бүтээлээ дүгнэлээ. Алтны салбар эдийн засагт үр нөлөө авчрах чухал салбарт тооцогдоно. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд алтны хайгуул, олборлолт, худалдаанд эдийн засгийн харилцаа, хууль эрх зүйн орчин бүрэн төлөвшин тогтож чадаагүй байснаас  жижиг компаниуд ихээр дампуурсан нь хүндхэн байлаа. Алтны нөөц, илэрц их байдаг ч компаниуд дампуурахдаа хүрч, хууль ёсны худалдан авах ажиллагаанаас гадуур асар их алтыг далд наймаанд явуулж байсан. Ингээд сүүлийн жилд ашиг буурах болов. Манай холбоо байгуулагдаад 50 орчим компанийг эгнээндээ нэгтгэж, салбараа хөгжүүлж ашигтай ажиллах нэг зорилтын дор хичээж ажиллаж байна. Цаашид бид Монгол Улсын алтны нөөц, улсын төсвийн орлого, валютын нөөц, мөнгөний нийлүүлэлт, ажлын байрыг нэмэгдүүлж, бодит салбарын хөгжлийг дэмжиж, арилжааны банкны зээлийн хүүг бууруулах нөхцөл бүрдүүлэхээр ажиллах болно” гэдгийг хэлсэн. 

Ийнхүү Монголын эдийн засагт ашиг авчрах улирлын чанартай гол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэг бол алт олборлолт бөгөөд салбарынхан ид ажлын оргил үе эхэлтэл түгшин хүлээн сууна. Тэд олборлолтоо эхлүүлэх уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулах, хайгуул, олборлолтод шаардлагатай тоног төхөөрөмжөө оруулж ирэх зэргээр шийдэх, төлөвлөх асуудал олон тул салбарыг нь зохицуулах хууль эрх зүйн орчин “жин тан” болохыг хүлээсээр. 



У.БОЛОР
Эх сурвалж: news.mn
...