“Самурай” бондтой 2014 онд учирна

2013-12-31 07:41:00

Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкиндаа баталгаа гаргаж өгснөөр Хөгжлийн банк Японы санхүүгийн зах зээл дээр “Самурай” бонд гаргахаар болсон. Энэ хүрээнд зуучлагч банкаар Японы олон улсын хамтын ажиллагааны банк /JBIC/-тай хамтран ажиллахаар болж, гарын үсэг зурсан. Ингэснээр хоёр тал хамтран ажиллаж шинэ оноос өмнө, тэр дундаа 12 дугаар сарын 15-наас өмнө “Самурай” бондыг амжилттай гаргаж, арилжаална хэмээн төлөвлөж байсан юм. Гэвч өнөөдөр энэ оны сүүлийн өдөр болчихлоо. “Самурай” бонд өнөөг хүртэл Монгол Улсын дансанд орж ирээгүй байна. Ямартай ч энэ ондоо багтаж, “Самурай” бондтой болох төлөвлөгөө бүтэлгүйтэв бололтой.

 

 

Монголын Хөгжлийн банкнаас “Самурай” бонд гаргах үйл явц үргэлжилж байгаа ураас ямар нэгэн мэдэгдэл, тайлбар хийхгүй гэсэн байр суурьтай байгаа. Учир нь явцын дунд ямар нэгэн мэдэгдэл, мэдээлэл гаргах, ирэх онд бонд гаргах үйл явцад сөргөөр нөлөөлнө гэж байгаа. Гэхдээ бондын эхний ээлж болох 30 тэрбум иен буюу 290 орчим сая ам.доллартай тэнцэх “Самурай” бондыг тус улсын зах зээл дээр амжилттай арилжаалсан гэх мэдээллийг Японы талаас гаргасан. Энэ мэдээллийг Монголын хэвлэлүүд ч цацсан. Манай улсын хувьд нийтдээ 600 орчим сая ам.доллартай тэнцэх “Самурай” бондыг арилжаалах төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр бондын арилжаа бүрэн гүйцэд болж, манай улсын дансанд орж иртэл дахиад 300 орчим сая ам.доллартай тэнцэх “самурай” бонд арилжаалагдах ёстой болж таарч байна. Энэхүү арилжаа хэзээ, хэрхэн явагдах, мөнгө хэзээ Хөгжлийн банкны дансанд орж ирэх зэрэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. 

 

Өмнө нь Чингис бондыг арилжаалахад Монгол Улсын Засгийн газар өөрөө гаргаж байсан учраас магадгүй саад, тотгоргүй арилжаалагдсан байх. Харин энэ удаад Монголын Хөгжлийн банк Засгийн газрынхаа баталгаатайгаар бонд арилжаалж байна. Хэдий Засгийн газрын баталгаатай ч гэсэн Хөгжлийн банкны өөрийнх нь зээлжих зэрэглэл үүнд тодорхой хэмжээний үзүүлэлт болох биз ээ. Тиймээс Монголын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл Япончуудын шаардлагыг хэр төвшинд хангаж байна вэ гэх асуултыг ч тавьж болох юм. Нөгөөтэйгүүр Хөгжлийн банкаар дамжуулж хэрэгжүүлэх төслүүд бэлэн байна уу, үгүй юу гэх асуудал бий. Бондын хөрөнгө оруулалт заавал бэлэн төсөл, хөтөлбөр шаарддаггүй. Гэсэн хэдий ч магадгүй Японы хөрөнгө оруулагчдын хувьд тодорхой эргэлзээ байхыг үгүйсгэх аргагүй. Япончууд аливаа зүйлд няхуур, хянамгай ханддаг онцлогтой ард түмэн. 

 

Монголын Хөгжлийн банк 2011 оны тавдугаар сард олон улсын зах зээл дээр 580 сая ам.долларын бондыг амжилттай арилжаалж байсан. Энэ утгаараа Монголын Хөгжлийн банк олон улсын зах зээл дээр ажилласан тодорхой туршлагатай. Гэхдээ тэр үед хөрөнгө оруулагчид хөгжингүй орнуудаас илүүтэйгээр хөгжиж буй зах зээлийг чиглэн ажиллаж байсан. Тийм ч учраас дөнгөж үүдээ нээгээд байсан Монголын Хөгжлийн банкны бонд тун боломжийн хүүтэйгээр амжилттай арилжаалагдсан гэдэг. Харин энэ удаад ам.доллар эргээд АНУ-ыг чиглэх болсон учраас ам.доллараар бонд гаргах нь үнэтэй болчихсон гэж буй. Тиймээс ам.доллараас дутахааргүй зах зээл гэх иенийн зах зээлийг Монголын хөгжлийн банк онилсон. Гэхдээ л санасан цаг хугацаанд гаргаж, мөнгөтэй болж чадсангүй. Хэрвээ “Самурай” бонд энэ чигээр бүтэлгүйтвэл ирэх онд ам.долларын ханш өсөх, бүтээн байгуулалтын ажлууд саатах зэрэг асуудал гарахгүй гэх газаргүй. Түүнчлэн хоёр улсын Засгийн газар хоорондын тохиролцсон төслүүдийг хэрэгжүүлэх явц ч удаашрах бололтой. Наад зах нь Япон, Монголын хамтран хэрэгжүүлэх Газрын тос боловсруулах үйлдвэр байна. Түүнчлэн зарим дэд бүтцийн төслүүд, нийгмийн шинж чанартай бүтээн байгуулалтын ажлууд ч бий.

 

Ямартай ч “Самурай” бонд гаргах төсөл энэ онд амжаагүй ч ирэх онд хэрэгжих байх гэж найдъя.

 

Л.Энхдэлгэр


Нүүр хуудас