Хөрөнгө оруулалтыг аврах “Хөрөнгө оруулалтын тухай хууль”
2013 оны 9 сарын 17

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж эхэллээ. Ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн барьсан. Уг хуулийн төслийг өнөөдөр хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжлээ. Манай улсыг хөрөнгө оруулагчид орхин явж, нүүрээ буруулах болсон нь нэгэнт тодорхой болсон. Эхний хагас жилд Монгол Улсад ердөө 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн, хөрөнгө оруулалт он гарсаар 43 хувиар буурсан зэрэг статистикууд үүнийг нотолж буй. Тийм ч учраас УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулах арга хэмжээг авах гэж байна. Үүний нэг нь Хөрөнгө оруулалтын тухай хууль юм.

Манай улсад хөрөнгө оруулалтын тухай нэгдсэн хууль одоогоор байхгүй. Анх 1991 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан ч энэ нь одоогийн хэрэгцээ шаардлагыг хангахааргүй болсон. Түүнчлэн хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого байхгүй учраас засаг солигдох болгонд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинд өөрчлөлт хийгдсээр ирсэн нь нууц биш. Уул уурхайн салбар эрчимжих болсноор манай улсыг чиглэх хөрөнгө оруулалт урьд өмнөхөөсөө ч ихэссэн. Гэвч яг үүнтэй зэрэгцэн манай улс уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчноо муутгасаар ирснийг улстөрчид хэлэх болсон. 2006 оноос хойш уул уурхайн салбар, гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой дөрвөн ч томоохон хууль батлагдаж, хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, долоон жилийн дотор дөрвөн хууль батлагджээ. Хууль батлагдаж болно. Гагцхүү хэрэгжих механизм, хүрээ нь тодорхой байх ёстой гэж хөрөнгө оруулагчид учирладаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд батлагдсан хуулиудын ихэнх нь “Батлагдсан” гэх нэртэй, яаж, хэзээ хэрэгжүүлэх нь тодорхойгүй байлаа. Үүний хамгийн энгийн жишээ 2009 онд батлагдсан “Урт нэртэй” гэгдэх хууль. Түүнчлэн 2012 оны сонгуулийн өмнө гэнэт батлагдсан “Урт нэртэй хоёр дахь хууль” буюу стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиуд байв. Үүнээс гадна 2011 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Ашигт малтмалын тухай хуульд шинэчилсэн найруулга хийхээр ярьж эхэлсэн нь мөн л тодорхойгүй байдлыг үүсгэсэн юм. Энэ мэтээр сүүлийн жилүүдэд улстөрчид Монгол руу чиглэж байсан хөрөнгө оруулалтыг үргээчихсэн. Харин одоо эргээд “Манайд ирээч” хэмээн даллаж байна. Яг л 90-ээд оны эхэн үе шиг.

 

Өнгөрсөн зүйл ямар ч байсан ард хоцорч, түүх болон үлдэг. Одоо Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдчихвал гадаадын хөрөнгө оруулалтад хууль эрх зүйн маш найдвартай бий болно гэж хөрөнгө оруулагчид итгэлийн нүдээр харж байна. Тогтворгүй, тодорхойгүй энэ хуулиас хойш төгсгөл болно гэж найдъя. Ингээд Хөрөнгө оруулалтын хуульд зарчмын ямар асуудлуудыг тусгаж байгааг танилцуулъя.

 

  1. Хөрөнгө оруулагчийг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй нийтлэг эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, баталгааг бий болгох;
  2. Одоогийн эрх зүйн зохицуулалтад стратегийн ач холбогдол бүхий салбарт 1/эрдэс баялаг 2/банк, санхүү 3/хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо гэсэн салбаруудыг хамааруулж байсныг өөрчилж, стратегийн салбар гэж тусад нь ялгахгүй байх;
  3. Гадаадын хөрөнгө оруулагчийг ерөнхийд нь хувийн болон төрийн гэж ангилж, хувийн хөрөнгө оруулалтыг бүртгэлийн журмаар зохицуулах, харин төрийн өмчит гадаадын хөрөнгө оруулалтын хөрөнгийн хэмжээ тухайн аж ахуйн нэгжид 25 хувиас дээш гарах тохиолдолд эрхэлсэн яамнаас зөвшөөрөл өгч байх;
  4. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд төслийн үр ашиг дээр нь тулгуурлан тодорхой хугацаанд татварыг нь тогтворжуулах тогтолцоог тусгажээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-10 жилийн хугацаанд зарим татварын хувь хэмжээг тогтвортой байлгах;
  5. Түүнчлэн, олон улсын туршлагын дагуу гадаадын хөрөнгө оруулалтыг татах, өөрийн улсын хөрөнгө оруулалтын орчны талаар бүх талын мэдээлэл, сурталчилгааг явуулах агентлагийг байгуулахаар тус тус тусгажээ.

Эдгээрээс гадна уг хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд УИХ-ын гишүүдийн 3/2-оос дээш хувийн дэмжлэг авах ёстой гэх мэт хамгаалалтын тогтолцоог уг хуулинд тусгаж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, манай улсад цаашдаа бий болох хөрөнгө оруулалтын бүхий л асуудлыг уг хуулийн хүрээнд шийдвэрлэнэ. Хамгийн гол нь дахин дахин өөрчлөгдөхгүй байх нь чухал. Энэ асуудлыг ч уг хуулиар зохицуулж өгчээ. Хэдийгээр ийм хууль батлагдаж байгаа ч нэгэнт алдарсан итгэлийг эргүүлэн олж авна гэдэг амаргүй гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр онцолж байсан. Гэсэн хэдий ч хуулийг баталсны ач холбогдол ирэх жилээс гарч ирэх боломжтой гэдгийг судлаачид хэлж буй билээ. Ямартай ч зугтан одсон хөрөнгө оруулалтыг эргүүлэн авчрах Хөрөнгө оруулалтын хуулийг УИХ энэ сарын 27 гэхэд баталж, хэрэгжүүлж эхлэх үүрэгтэй.  

 

Л.ЭНХДЭЛГЭР