“Өлзий” зуух Нарантуул дээр 330 мянган төгрөгийн үнэд хүрч байна
2013 оны 11 сарын 12

Монголын мянганы сорилтын сан болон Цэвэр агаар сан хамтран иргэдийг бүрэн шаталттай зуухаар хангаж, утааг бууруулах ажил хоёр жилийн өмнөөс эхэлсэн. Энэ хүрээнд айл өрхүүдэд бүрэн шаталтат утаагүй зуухыг 93 хувийн хөнгөлөлттэйгөөр олгож буй билээ. Гэвч төсвөөс мөнгө гарган байж, айлуудад хямд үнэтэй олгож байгаа энэхүү зуух Нарантуулын наймаачдын гарт орж, шагийн үнэ нь 250-350 мянган төгрөгт хүрсэн гэх яриа иргэдийн дунд гарах болсон. Энэ дагуу “Нарантуул” зах дээр очиж, зуух яндангийн худалдаачидтай уулзлаа. Сүүлийн үед утаагүй зуух шагийн үнээр худалдаалагдаж байна гэх мэдээллийн дагуу албаныхан шалгалт явуулах болсон байна. Энэ сургаар наймаачид “төслийн” гэх зуухнуудаа нуусан байв. Тэдэнтэй уулзаж, “Төслийн зуух байгаа юу” гэж асуухад олонхи нь “байгаа” хэмээн хариулж байсан юм. Ченжүүдийн ярьж буйгаар төслийн “Өлзий” зуух л энд ихэвчлэн зарагддаг бололтой. Үнэ нь яндангүйгээр 270-300 мянган төгрөг, харин яндантай бол 330-350 мянган төгрөг байгаа гэнэ.  Түүнчлэн зарим ченж “Энэ зуухыг нууж, хааж зарах гэж хэцүү юм байна. Сүүлийн үед хяналт, шалгалт ч их явах болсон. Одоо байгаа хэдийгээ зарчихаад дахиж ингэж зарахгүй. Шоронд орох юм шиг байна” гэцгээж байсан юм.

Хэдийгээр албаны хүмүүс “Төслийн зуухыг зарах, үрэх боломжгүй. Бүгд кодлогдсон, серийн дугаар, бүртгэлтэй” гэж байгаа ч Нарантуул дээр ийнхүү шагийн наймаачдын гарт орсон нь нууц биш болж байх шиг байна. Биднийг “нууц” сурвалжлага хийж байх үед хүртэл нэгэн залуу гэр бүл “Өлзий” зуух сураглаад явж байсан. Улмаар тэндхийн нэгэн ченжээс зуухаа яндантай нь цуг худалдаж аваад явав. Мэдээж төслийн зуухыг худалдах нь хориотой учраас гадуур нь битүү хайрцганд хийж, шуудайгаар бүтээсэн байлаа. Ченжүүдийн ярьж байгааг ажиглахад нэг хүнд лав 2-3 магадгүй түүнээс ч олон бүрэн шаталтат зуух байдаг бололтой. Гэхдээ яндан нь байдаггүй гэж байна. Ченжүүд зуухыг хэрвээ яндантай нь зарах шаардлага гарвал өөр энгийн янданг нэмж өгдөг аж. Энэ онд цэвэр агаар сангийн төслийн хугацаа дуусгавар болж буй. Түүнчлэн иргэдийн дунд “Хямд үнэтэй зуухыг одоо зарахаа больсон” гэх ташаа мэдээлэл тархсан нь зуухны ченжүүдийн хувьд “ашиг” болж байгаа бололтой. Борлуулалт нь ерөнхийдөө тийм ч муу байдаггүй гэж байна.

 

Г.Баярсайхан: Зуухаа зарсан нь тогтоогдвол хотоос нүүлгэх хүртэл арга хэмжээ авна

 

Бид ийнхүү “Нарантуул” зах дээрх нөхцөл байдалтай танилцсаныхаа дараа “Цэвэр агаар” санг зорьсон юм.  Ингээд тус сангийн мэргэжилтэн Г.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Иргэдийн дунд “Цэвэр агаар” сангийн төслийн хугацаа дууссан. Хямд үнэтэй зуух тараагдахаа больсон гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тийм зүйл байхгүй. Цэвэр агаар сан 2011 оноос хойш АНУ-ын “Мянганы сорилтын сан”-тай хамтарч зуух тараасан байгаа. Мөн дангаараа ч бас татаас олгож, зуух тараасан. Энэ удаад Дэлхийн банкны цэвэр агаарын сантай хамтарч байгаа юм. Ард иргэддээ хэлэхэд, энэ бол хамгийн сүүлчийн боломж шүү. Энэхүү зуух хөнгөлөлттэй буюу 93 хувийн татаастайгаар айл өрхүүдэд очиж байгаа. Энэ хугацаанд хамрагдаж чадаагүй бол ирэх жилээс хариуцлагын асуудал ч хөндөгдөнө гэдгийг хэлье. Хөнгөлөлттэй үнээр нь авч чаддаггүй юм бол хөнгөлөлтгүй үнээр нь ав гэдэг асуудлыг гаргаж тавина. 

 

-Төслийн хүрээнд олгогдож буй зуухны үнэ хэдэн төгрөг байгаа билээ?

-Хамгийн дээд талын үнэ нь 419 мянга болон 360 төгрөгийн үнэтэй. Энэ маань ард иргэдэд очихоороо хямдраад 32000 төгрөг л болж байгаа.

 

-Гэхдээ төслийн зуухнууд “Нарантуул” дээр өндөр үнээр дамлагдаж байна. Энэ тал дээр танай байгууллага хэрхэн хяналт тавьж байгаа вэ?

-Сүүлийн 45000 зуух тарааж эхэлсэнтэй холбоотойгоор Дэлхийн банкны “Улаанбаатар цэвэр агаар” сан дээр хяналтын баг гарч ажиллаж байгаа. Нийт 75 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ 75 хүн гэр хорооллын айл өрхүүдээр орж, шалгалт явуулж байгаа. Энэ зуухнууд бүгд номер, дугаартай. Тийм учраас хараа хяналтаас мултарна гэж бараг л байхгүй.

-Хяналт, шалгалтаар ямар нэгэн зөрчил илэрсэн үү?

-Хяналтын байцаагч нар өнгөрсөн хугацаанд нийт 351 айлаар орсон байгаа. Үүнээс 159 нь ямар ч зөрчилгүй байсан. Гэхдээ бусдад дамласан, бэлэглэсэн гэх зэрэг зөрчлүүд мэр сэр гарч ирж байна. Яг ийм тохиолдол нийт найман удаа гарсан. Иймэрхүү зөрчлүүдийг шуурхай илрүүлээд, томоохон хариуцлага үүрүүлнэ.

 

-Хариуцлага гэдгийг тодруулахгүй юу?

-Зуухны үндсэн үнэ болох 419 мянган төгрөгийг нэгдүгээрт эргүүлж төлүүлнэ. Цаашлаад ийм айлуудыг хотоос нүүлгэх хүртэл арга хэмжээ авах бололцоо юу байна гэдэг асуудлыг хотын даргад тавьж байгаа. Удахгүй хариуцлагатай холбогдуулаад журам гарна. Журмын дагуу зөрчил гаргасан айлуудаас зуухны өртгийг нь бүрэн төлүүлэх,  дээр нь хотоос зайдуу гаргах зэрэг арга хэмжээг авна гэв.

 

Түүнчлэн “Цэвэр агаар” сангийн төслийн хүрээнд энэ жил болон ирэх оны дулааны улиралд нийт 45 мянган өрхийг бүрэн шаталтат зуухаар хангана гэж байна. Ингэснээр нийслэлийн гэр хорооллын 185 мянган өрхийг 100 хувь бүрэн шаталтат, утаагүй зуухаар хангана гэсэн тооцоо байгааг ч дуулгасан. Энэ ажилд нийт 15 сая ам.доллар зарцуулж байгаа бөгөөд гэр хорооллын өрхүүдийг бүрэн шаталтат зуухаар хангаснаар агаарын бохирдол 60 хүртэлх хувиар буурах боломжтой гэж албаныхан тооцоолж байгаа аж. Албаныхны хэлж буйгаар бол нийслэлийн гэр хорооллын өрхүүдийг бүрэн шаталтат, утаагүй зуухаар хангах ажил үндсэндээ дуусч байгаа гэнэ. Харин гэр хорооллын айл, өрхүүдийн төлөөлөл арай өөр бодолтой байна. Сонгинохайрхан дүүргийн иргэн Л.Отгонбаяр “Утаагүй зуух авах гээд хөөцөлдөж амжихгүй яваад байна. Уг нь авчихвал хэрэгтэй шүү дээ. Агаарын бохирдлыг бууруулахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулна. Гэхдээ бас хүнд суртал ихтэй юм шиг байна билээ” гэв. Харин Баянзүрх дүүргийн иргэн Н.Баяраа “Манай хашаанд гурван айл бий. Үүний нэг нь л утаагүй зуухтай. Бусад нь утаагүй зуух авах гэхээр хаяг нэг учраас олгогдох боломжгүй гэдэг. Ийм айл өрхүүд нийслэлд олон байгаа байх. Манайх жишээ нь яг энэ шалтгаанаас болоод хямд үнэтэй зуух авч чадаагүй” гэсэн юм. Түүний хэлсэн асуудал тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт /Нарантуул захын ард тал орчим/ байрлах гэр хорооллын дундуур явахад олонтаа харагдсан. Нэг хашаанд 3-4 гэрээрээ амьдрах нь эндэхийн хувьд бараг энгийн үзэгдэл бололтой.

Тус хорооны Засаг дарга А.Гэрэлт-Од “Манай хороонд энэ жил 280 өрх шинээр утаагүй зуух авах захиалгаа ирүүлсэн. Нийт 3000 гаруй өрхтэй. Үүний 1800 орчим нь гэр хорооллын айл өрхүүд. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 1037 өрхөд утаагүй, бүрэн шаталтат зуух хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн байгаа. Үүн дээр энэ жилийн 280 өрх нэмэгдэнэ. Ингэснээр нийт өрхийн 80 гаруй хувийг утаагүй зуухаар хангачих байх. Гэхдээ манай хорооны хувьд нэг онцлогтой нь дахин төлөвлөлтөд орж байгаа. Тийм учраас олон айл, өрх нүүж байна. Хэрвээ тэдгээр өрх нүүхэд хүрвэл утаагүй зуухаа яах вэ гэдэг нь бас л асуудал. Тэгэхээр бидний хувьд ирэх жил утаагүй зуухны тараалтаа үргэлжлүүлэх эсэх асуудлаа нийслэлийн дахин төлөвлөлтийн ажилтай уялдуулж хийнэ” гэсэн юм.

 

Л.Энхдэлгэр

 

 

 

...